2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн “Төрийн албаны тухай хуулийн” эрхэм зорилго нь ард түмэндээ үйлчлэх билээ. Уг хуулиар төрийн албан хаагчид нь ард түмэндээ үйлчлэхдээ хүн бүрд адил тэгш хандах, хүний эрхэм чанар, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, хэнийг ч аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байхыг онцолсон нь төрийн үйлчилгээний гол цөм нь хүн болохыг сануулсан хэрэг юм.
Хүн төвтэй төрийн үйлчилгээ нь төрийн албан хаагчдаас хүний эрх, эрхэм чанарыг хүндэтгэдэг, хүний эрхийн зөрчил гаргадаггүй, хүмүүсийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, бусдыг мэдэрч ойлгодог, хувь хүний болон хамт олны давуу талыг түшиглэж ажилладаг, тэднийг чадваржуулж хөгжүүлэхэд анхаардаг байх хэрэгцээг бий болгож байна.